Ж.Эрдэнэбат Ц.Баярцогтод өөрийн эзэмшлийн “Ланд Круйзер-200” машинаа бэлэглэсэн байжээ

access_time 2017-10-09
note Мэдээ
remove_red_eye 1215

 
Албан үүргээ гүйцэтгэж явсан ЗЦА-ны Тусгай хамгаалалтын хэлтсийн цагдаа – зохицуулагч, ахлагч Б.Отгонбаатар руу салаавч гарган танхайрсан Цэцгээгийн Баярцогтыг Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн шийдвэрээр энэ сарын 18-нд шүүх хурал болтол цагдан хорихоор болсон билээ. Түүнийг төрийн өндөр албан тушаалтнуудтай ойрын хамааралтай нэгэн гэх мэдээлэл хэвлэлээр бичигдэж байв. Тодруулбал, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай хуурай ах дүүгийн барилдлагатай, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хүргэн гэх мэт мэдээлэл цацагдсан.Харин Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хэвлэлийн төлөөлөгч Д.Отгонжаргал Ц.Баярцогтыг Ж.Эрдэнэбаттай холбоотой гэх мэдээллийг дараах байдлаар няцаасан байдаг. Тэрбээр энэ тухай фэйсбүүк хуудсаараа:“Өнгөрөгч хавраас хойш Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар болон хувь хүн рүү дайрсан ээлжит цуврал дайралтууд зах замбараагүй өрнөлөө. Хамгийн сүүлд цагдаа руу салаавч гаргасан н.Баярцогт гэгч балиар нөхрийн ёс зүйгүй үйлдлийг гарган тавьж, цаад агуулгаар нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай холбоотой мэтээр мушгин, Ж.Эрдэнэбатын хувь хүний нэр төр лүү халдсан ээлжит ажиллагаа сүүлийн хэд хоногт хүчтэй өрнөж байна.Монголчууд бид чинь хүн чанартай улс шүү дээ. Угаас энэ бүх ажиллагааг зохион байгуулалттайгаар хийж байгаа бүхэл бүтэн баг ажиллаж байна. Та бүхэн санасандаа хүрлээ, огцрууллаа… Одоо болоо юм бишүү !!! Унасан хүнийг дээрээс нь нэмээд дэвслээд байгаагаас харахад Та бүхэнд хүн чанарын хэлтэрхий, төрийн хүний ноён нуруу гэж байна уу… !!!
Одоо энэ балиар ажиллагаагаа зогсоож, улс орныхоо эдийн засгийг хэрхэн сэргээхдээ анхаарч урагшаа харж ажиллаасай…

 
Ер нь бол -хасах- хувьтай эдийн засагтай орныг одоогоос 1.2 жилийн өмнө хүлээж авахдаа Ж.Эрдэнэбатын Засгийн газар дээр дооргүй хичээж ажиллаж өнөөдрийн байдлаар 5.3 хувийн өсөлттэй болгоод хүлээлгэн өгч байна. Ганцхан жишээ шүү… Улс орны бусад салбаруудад харьцангуй өсөлт гарч, “Сэхээ”-нд байсан эдийн засгаа “Энгийн тасаг” руу шилжүүлж өглөө.
Та бүхэн энэ өсөлтийг нэр төртэй хүлээж аваасай. Цааш хэрхэн сайжруулахаа бодоосой… Тэгвэл та бүхний хүсээд байгаа жинхэнэ эрүүл “ЯЛАЛТ” чинь тэр шүү…
Муу сайн ч гэсэн нэр зүүж, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчийг нь хийж, дэргэд нь дэндүү ойр ажиллаж байсны хувьд үүнийг нүүр бардам хэлж байгаа юм” хэмээн мэдэгдсэн байдаг.
Тэгвэл Цэцгээгийн Баярцогтын унаж явсан ББСБ-д бүртгэлтэй, тусгай дохио бүхий машиныг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнбатынх гэдгийг мөрдөн байцаалтын явцад олж тогтоожээ. Тодруулбал, Автотээврийн газрынхан болон цагдаагийн дотоод хяналт шалгалтын албаныхны тогтоосноор Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн байхдаа 17- 93 УБҮ улсын дугаартай “Ланд Круйзер-200” машиндаа цэнхэр өнгөтэй гэрэл ашиглах зөвшөөрөл авсан байна. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж байгаад сонгууль дууссаны дараа Ц.Баярцогтод бэлэглэхдээ тусгай дуут дохионых нь зөвшөөрлийг цуцлуулаагүй шилжүүлсэн нь ийнхүү асуудал үүсэх шалтгаан болсон байна.
 

 
Сэтгүүлч Баасанжавын Отгон Ц.Баярцогт, Ж.Эрдэнэбат нарын хамаарлын талаар “Салаавч залуугийн сүйтгэсэн байгаль” нийтлэлдээ “Цагдаа руу салаавч өгснөөр сошиал од болоод буй Ц.Баярцогт Монголын нэг гол,бүтэн уулын ойг 2012-2015 оны хооронд сүйтгэсэн. Энэ бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн голын “Хуст нарийний ам” хэмээх нэртэй газар билээ Хусан ой,уулаараа шинэстэй, гол урссан даан ч үзэсгэлэнт хангай байлаа.
Ц.Баярцогт энэ ойг голтой юутай нь бульдозероор түрэн алт олборлосноос устаж үгүй болсон. Одоо бол хусан ой нь зурган дээр л үлдсэн билээ. Тэрээр энэ хууль бус үйлдлээ тухайн үеийн Сэлэнгэ аймгийн Засаг дарга,одоогийн ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хуйвалдан,прокурорын байгууллагын хаацайлал дор явуулсан.
Ж.Эрдэнэбат болон Ц. Баярцогтод байгаль орчны эсрэг гэмт хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч прокурор хэрэгсэхгүй болгосон. Ж.Эрдэнэбат дангаараа ч өөр нэг уурхай ажиллуулан байгаль сүйтгэсэн ч бас л хэрэгсэхгүй болсон.
Ц.Баярцогтын уурхай руу шатахуун ачиж явсан том оврын тэрэг 2015 онд Уртын даваанд онхолдсны улмаас энэ сайхан байгальд 20 тн сольярк асгарч ,орчныг хордуулсан. Бүрэн бус техник ашигласнаас 3 хүн гэмтэж, байгаль бохирдуулсан хэргээр Эрүү үүсгэсэн ч бас хэрэгсэхгүй болгосон. Шүүх талаас тэднийг БЗД-ийн ерөнхий шүүгч Алдар хамгаалдаг.
Уул уурхайгаас асар их мөнгөжсөн тэрээр бүхнийг мөнгөөр шийддэг. Ялбагийн гол хариуцсан байгаль хамгаалагчийн гэрээс ердөө 600-800 м-т ой, гол сүйтгэн олборлолт явуулж байхад байгаль хамгаалагчид нь хааяа нэг лацдахаас өөрийг хийхгүй байсаар 3 жилийн турш ухуулж дуусгасан” хэмээн бичсэн удаатай.

Х.Онон
 

эх сурвалж:zuv.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959