Зөв шийдвэр гаргахад минь туслаач

access_time 2017-10-10
remove_red_eye 352

Би одоо 25 настай, нөхөртэйгээ суугаад 3 жил болж байна. Хүү маань 2 ой гарантай. Нөхөр бид хоёр 10 жилийн сургуульдаа параллель ангийн хүүхдүүд байлаа. Төгсөх жилээ үерхэж, дээд сургуульд байхдаа зөндөө олон л удаа салж нийлж явсан. Тэгж явсаар сургуулиа төгссөний дараа жил манай аав ээжтэй танилцаж нэг хэсэг манайд амьдарсан. Хүүгээ төрсний дараа 3 сар гаран хадмынхаа хашаанд гэрт хүртэл амьдарч үзсэн. Хамтдаа бүхнийг босгох гэж их хичээдэг байлаа.

Удалгүй бид гурав тусдаа гарч байранд орж, найр хурим хийн, гэрлэлтээ батлуулсан. Манай хүн айлын бага болохоор их дураараа, бүхнийг өөрийнхөөрөө хийдэг, бас их бодлогогүй залуу байдаг л даа. Уг нь 6 жил үерхэж байж нэг гэрт орсон болохоор би энэ хүнийг сайн мэддэг болсон гэж өөртөө итгэж явж дээ. Хамтын амьдралаа эхлүүлснээс хойш нөхрийгөө юу ч хийж яаж ч өр тавьж, хаагуур ч дэмий тэнэж байсан би юу ч хэлдэггүй, нэг ч удаа хардаж байсангүй.

Ер нь бол эр хүн өөрөө амьдралаа авч явах ёстой, амьдралын ухаантай байх ёстой гэж боддог болохоор миний хань ингэж явж байгаад нэг л өдөр өөрчлөгдөж амьдрах аргаа олно доо гэж бодон тавьсан өрийг нь дарж, гарсан асуудлыг шийдвэрлэж амьдарсаар өдийг хүрсэн. Нөхөр маань нэг ч удаа байрны лизингээ төлж байгаагүй, нэг ч удаа цугтаа явж хоол хүнс цуглуулж үзээгүй, би гэдэг хүн олсон бүх мөнгөө амьдралдаа хүргэх гэж их л хичээж ирсэн. Гэтэл өнгөрсөн өвлөөс хойш нөхөр минь бүр ихээр өөрчлөгдөх болсон хааяа гадуур хононо, оройтно. Төрсөн өдрөөрөө ажлынхантайгаа шоудчихаад миний залгасан дуудлагыг авсан гэдгээ мэдэхгүй бүтэн цаг шахуу болсон.

Гэтэл тэр хугацаанд ажлынхнаасаа салаад гэрийнхээ урдуур такси бариад өөр тийшээ явсан даа. Тэгээд гэнэт утсаа үзсэн үү яасан /утсаа таслаад/. Намайг залгангуут буцаад хүрээд ирсэн. Таксинд явж байхдаа ажлынхаа нэг залуугийн утсаар нэг хүн рүү яриад би одоо очлоо гараад ирээрэй гэж хэлсэн. Тухайн үедээ чи өөр хүнтэй боллоо энэ тэр гэж уурлаж үзсэн ч баталгаатай нотолгоо биш болохоор тэгс гээд л өнгөрсөн.

Гэтэл саяхан хавар манай найзууд нийлээд манайд ууцгааваа, нэг орой. Би ч яахав угаасаа сайн ууж чаддаггүй, нойр ихтэйг хэлэх үү унтаад өглөө. Өглөө нь босоод хартал манай хүн дотуур хувцсаа буруу харуулаад өмсчихөж. Би ч намайг шөнө оролдоод архиныхаа халуунд буруу харуулаад өмсчихсөн хэрэг гэж бодоод найзуудаасаа ичихдээ бушуухан зөв харуулж өмсүүлчихээд ажилдаа явлаа.

Тэгээд маргааш нь нэг найздаа /бид 3уулаа найзалдаг байлаа/ “Уржигдар манай хүн турсикээ буруу харуулаад өмсчихсөн байсан, би өчигдөр орой та 2ыг оролдоо юу гэж жоол үгээр идээд” гээд баахан инээж суулаа. Гэтэл тэр орой манай нөгөө найз хүүхэн над руу залгаад орой уулзая гэсэн. Орой ажлаа тараад уулзтал “Миний найз битгий буруугаар ойлгоорой, бид 2 юу ч болоогүй.

Цаадах чинь жоохон согтсон байсан болохоор чичирч дайрсан нь үнэн. Гэхдээ юу ч болоогүй” гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод миний амьдрал ганцхан секундын дотор үнс нурам болчих шиг болсон. Би бүтэн хагас сар шахуу галзуу хүн шиг л байлаа. Ууж идэж, шоудаад л.

Гэхдээ сүүлдээ өөрөө өөрийгөө тайвшруулж, арай ч үгүй байлгүй дээ, зүгээр согтуу байсан болохоор л… юу болоогүй байх гэж бодохоор шийдэн нөхрийгөө ч, найзыгаа ч уучиллаа. Гэтэл өнөө өглөө ажилдаа явахынхаа өмнө санамсаргүй нөхрийнхөө утасны мессежийг үзлээ. Гэтэл илгээсэн мессежэн дунд нь нөгөө найзын маань утас руу бичсэн “Би гайгүй ээ, би чамайг бүр хүсээд санаад бодоод байдаг болчлоо” гэсэн мессеж байсан. Ингээд л би энэ захиаг одоо бичиж сууна даа.

Түрүүн найзтайгаа уулзаад худлаа утасны цэнэг дууссан гэж хэлээд утсыг нь гуйж аваад нөхөр рүүгээ залгатал утсаа авсангүй. Удалгүй буцаагаад залгаж байна. Тэгэхээр нь салгаад “Түрүүн эхнэр чинь байсан юмаа, босчихсон уу” гээд мессеж биччихлээ. Гэтэл хариу нь юу гэж ирсэн гээч “Одоо л босож байна, гэхдээ нөгөөдөх маань босоогүй л байна” гэсэн байсан.

Ингээд л тэр хоёрыг өдий хүртэл намайг хуурч байсан гэдгийг бүр нэг мөсөн мэдчихлээ. Бичсэн мессежнээс нь үзэхэд бүр миний хажууд гэрт минь, намайг унтаж байхад хүртэл хийж байсан гэдэг нь тодорхой болсоон. Би одоо яах ёстой юм болоо, эрэгтэй хүн зэвүүн, арчаагүй, доодохдоо толгойгоо мэдүүлдэг гэдгийг би мэднэ л дээ, гэхдээ найз минь яаж намайг ингэж чадаж байна аа.

Тэр хүнийг би хамгийн сайн найзаа гэж итгэж, хамаг амьдралаа, хамаг зовлон жаргалаа, хамаг бүхнээ ярьж, инээхдээ инээж, уйлахдаа уйлж явдаг найз минь ш дээ. Хичнээн найзлаад удаагүй /3 жил гаран/ ч гэсэн сүүлийн 3 жил үргэлж миний л хажууд байсан хүн юм сан уг нь. Би хүүгээ өнчин болгохыг үнэхээр хүсэхгүй байна. Тэглээ гээд ийм балиар, заваан эцэгтэй байлгахыг ч хүсэхгүй байна. Надад туслаач.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959