Ц.ДАГИНАА: ХООСОН Ч ГЭСЭН БАЙРТАЙ БАЙХ САЙХАН ШҮҮ ДЭЭ…

access_time 2017-10-10
note Мэдээ
remove_red_eye 311

Олон нийтийн сүлжээнд буюу фэйсбүүкт ням гаригт нэгэн бүсгүй гал голомтоо бадрааж, өрх тусгаарласан тухайгаа зургийн хамтаар цахим найзуудтайгаа хуваалцсан юм. Тодруулбал, бүсгүй шинэхэн байранд орсон эхний өдрөө хоосон өрөөний буланд хоолоо хийж байхдаа инээмсэглэн авахуулсан зургаа тайлбарын хамт нийтэлсэн байв.


Уг пост нь даруй 23 гаруй мянган хүнд таалагдаж, 1000 гаруй хүн хуваалцав. Тэдний гэр бүлд өчигдөр “Ханбогд Ресиденс” хорооллын хамт олон гал тогооны тавилга бэлэглэхээр болжээ. Бид залуу гэр бүлийн шинэхэн байранд зочилж, цөөн хором ярилцлаа. Одоо нөхөр Б.Ананд нь 24 настай, эхнэр Б.Дагинацоо нь 23 настай, тэд гурван настай нэг хүүтэй.
-БИД ГУРВАН ЖИЛ ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙЖ БАЙРНЫ УРЬДЧИЛГААГ БҮРДҮҮЛСЭН
-Та хоёр хэзээ анх байрандаа орсон бэ? Б.А: -Банкнаас хөөцөлдөж байсан зээл маань зөвшөөрөгдлөө гэдгийг пүрэв гаригт /2016.03.24/ утасдаж хэлсэн юм. Яг фэйсбүүкт пост бичсэн өдрөө /2016.03.27/ анх байрандаа нүүж орж ирсэн. Б.Д: -Байрандаа нүүж орж ирчихээд гал тогоондоо хоолоо хийж байтал нөхөр маань “Наашаа хараарай” гээд зургийг минь авчихсан юм. Тэгээд л тухайн үедээ өөрсдийнхөө цахим хуудастаа зургаа байршуулж, шинэ байранд орсон сэтгэгдлээ хуваалцсан.

Б.А: Гэтэл гэнэт л цаг цагаар мянга мянган “like” цуглуулж эхэлсэн дээ (инээв. сурв). -Олон нийтийн сүлжээнд байрлуулсан зураг чинь нилээд их хандалт авсан. Мэдээж энэ талаар төсөөлөө ч үгүй байсан болов уу? Б.А: -Төсөөлөөгүй шүү. Зөвхөн л найз нөхдүүд, таньдаг хүмүүсийнхээ хүрээнд шинэ мэдээгээ дуулгасан ухаантай юм. Б.Д: -Тухайн үеийн сэтгэгдэл маш гоё байсан. Яагаад гэвэл бидэн рүү хандсан хандалтууд дунд нэг ч муу үг, санаа байгаагүй. Бүх л хүн аз жаргал, сайн сайхныг хүссэн ерөөл дэвшүүлсэн байсан.

Энэ бүхнийг уншиж, сонссоны дараа маш их урам зориг ороод “Гурвуулаа ёстой сайхан амьдарна аа” гээд л улам их баярласан шүү. Гэтэл “Ханбогд ресиденс” хотхоноос гал тогооны тавилга бэлэглэхээр болсон тухайгаа гэнэт дуулгасан. Б.А: -Тэд хэлэхдээ “Бид дарга нартайгаа ярилцаж, залуу гэр бүлийг дэмжих үндсэн зорилгоороо та бүхэнд гал тогооны тавилга бэлэглэхээр боллоо” гэсэн. -“Ханбогд ресиденс” гал тогооны тавилгаа хэдийгээр өгөх тухайгаа хэлсэн үү? Б.Д: -Хэлсэн. Би гал тогооны тавилга бэлгэнд авах болсон тухайгаа бичсэн пост оруулсан өдөр загвараа захиалсан. Ингээд пүрэв гаригт бид шинэ тавилгаа хүлээн авахаар болсон.

-Та өөрийн ханийг олон жил хөдөлмөрлөж байж ийн өрх тусгаарлаж, гал голомтоо бадраалаа гэж бичсэн байсан. Залуу хүн бүр шинэ байртай болж гал голомтоо бадраах хүсэлтэй байдаг. Хэдэн жилийн хөлс хөдөлмөрийн үр шим бэ? Б.А: -Бид 2011 онд оюутан байхдаа анх танилцаж байлаа. Тэр үеэс л хуримтлал цуглуулах тухай бодож эхэлсэн. Мэдээж оюутан байх цаг үе тул тийм ч их хуримтлалтай болох боломж байгаагүй, бага багаар л цуглуулж байсан даа. Ингээд сургуулиа төгсөх жил хүү минь мэндэлсэн болохоор тусдаа гарахаар шийдэж, “Viva city” хороололд нэг өрөө байрыг 450 мянган төгрөгөөр түрээслэж эхэлсэн. Ойролцоогоор хоёр сар гаруй хугацаа өнгөрсний дараа мөнгө төгрөг ч байхгүй болж, ажил төрөл ч хайж эхэлсэн. Одоо би Хөшигтийн хөндийд баригдаж байгаа шинэ нисэхийн гүйцэтгэгч байгууллагад захиргааны ажилтан хийдэг. Тэнд өглөөний 04:00 цагаас оройны 22.00 цаг хүртэл тасралтгүй гурван жил ажиллалаа. Ингэж илүү цаг ажилласныхаа хүчинд мөнгө цуглуулж чадсан гэж хэлж болно.

Б.Д: -Үүрээр гэрээсээ гараад, орой л ирдэг дээ. Бид бас нэг машинтай байсны дээр аав ээжээсээ бага зэрэг туслалцаа авсан. Ер нь байр хөөцөлдөж эхлээд гурван жил болсон байна. Дунд нь 30 хувь бүрдэж өгөхгүйгээс болоод зөндөө шантарсан үе бий. “Яах вэ” гээд л асуухаар нөхөр минь “Болно шүү дээ, болно оо” гэж надад хариулна.

Би “Дахиад л ийм юм нэхээд байна, тийм юм нь болсонгүй” гээд л гомдоллоно. Тэр маань “Болно шүү дээ, хоёулаа зүтгэнэ ээ, хайраа” гээд л хэлнэ. Нөхрийгөө ингэж зүтгэж байхад дагаад явъя, урам зориг өгөөд хамтдаа бүгдийг туулна гэж зорьсон. Өөрсдөө, хамтдаа босгосон амьдрал гоё шүү дээ. Хичээгээд л, толгойдоо хамаг сайхан зүйлсийг бодоод л, мөрөөдөөд л, сайн зүйлсийг бодож байсны эцэст энэ бүхэн минь биелэлээ.

-МОНГОЛЧУУДЫНХАА АЧААР БИД ТАВИЛГАТАЙ БОЛСОН- -Олны танил хүмүүс хүртэл та хоёрын тухай мэдээллийг түгээсэн байсан? Б.А: -Тийм ээ. Тэдний ачаар өөрөөр хэлбэл, монголчуудынхаа ачаар бид хоёр тавилгатай болсон. Бараг л мөрөөдлийн зүйл байлаа шүү дээ. Бид хоёр гурвын гурван жил зүтгэж зүтгэж арай гэж байртай боллоо. Яг нэг байр сонгоод л, орохын даваан дээр бүтэхээ байчихна. Тэгэхээр нь би шантраад, эхнэр уйлаад л (инээв.сурв). Сүүлдээ ч эхнэртээ хэлэлгүй байр хөөцөлдөөд, очиж уулзаад, бүтэхгүй бол дуугүй өнгөрчихдөг болсон. Б.Д: -Би бүр цахим ертөнцөөр явж байгаа нэг үгийг хүртэл дагаж, хэрэгжүүлж үзэв.

Хэрвээ эхнэр нь шуналтай байж их юм хүсэх юм бол нөхөр нь тэр чинээгээр ажиллаж, амжилт гаргадаг гэнэ (инээв.сурв). Тэр үгийг нэг хэсэг нөхөртөө хэрэгжүүлж байна гэж баахан юм болов. Сүүлдээ нөхрөө хараад өрөвдөөд эхэлсэн. Орой орж ирэхдээ ядарчихсан нөхөр минь “За хайраа, энэ чиний хүссэн зүйл чинь” гээд л өгнө. Тоглож хийсэн бүхэн минь нөхөрт минь тэгж их хүрдэг, хичээдэг гээд бидэнд хөгжилтэй түүхүүд их бий.
-Зээл төлөгдөж дуусах үеийг төсөөлж байна уу? Б.Д: -Тийм ээ. Хорин жилийн дараа өрөө төлж дуусаад, байрныхаа гэрчилгээг аваад “За одоо өр, зээлгүй сайхан амьдрах нь дээ” гэж бодтол хүү минь 23 настай, том залуу болчихсон байна. Дахиад л “Аав, аав аа, байр авъя” гээд эхэлнэ дээ гэж ярьж, инээлдэж байлаа.

-Уншигчдын зүгээс бүх л залуу гэр бүл шинэ амьдралаа ийн эхэлдэг, эхэлж байсан шүү дээ гэсэн хандлагатай байсан? Б.А: -Тийм ээ. Тэр үгээс бид маш их урам зориг авсан шүү. Б.Д: -Ер нь бид хоёр л олон нийтийн сүлжээнд мэдээллээ байршуулсан болохоос бүх залуу гэр бүл амьдралаа ийн эхэлдэг болов уу. Энэ зураг ийм их хандалт авсан шалтгааныг бид амьдралаа эхэлж байсан гэгээн дурсамж, сэтгэл хөдлөлийг нь сэргээж, сануулж чадсан болохоор гэж бодож байгаа. Хоосон ч гэсэн өөрийн байртай байна гэдэг сайхан шүү дээ.

-Анх байрандаа юу юутай нүүж орж ирж байв? -Яг л зурган дээр байгаа шиг, хэдэн хувцасаа аваад л ирсэн. Хөлдөөгч ч байхгүй байсан шүү дээ. -Эхнэрийн хувьд ажил хийдэг үү? Б.А: -Эхнэр маань одоо төгсөх ангийн оюутан. -Тэгэхээр та хоёрын хувьд нэг нь ажил хийдэг мөртлөө өөрийн гэсэн орон сууцтай болж чаджээ.

Мөн та хоёр шиг зүтгэж, хичээж байгаа залуу гэр бүлүүдэд хэрхэн хуримтлалтай болох талаар юу гэж зөвлөх вэ? Б.А: -Залуу хүмүүс мөнгө цуглуулахад их хэцүү байдаг. Эхнэртээ ийм юм аваад өгөхсөн, хоёулаа хамт явж байхдаа ийшээ ороод гаръя, найз нөхөдтэйгөө уулзъя, бөөнөөрөө амралт зугаалгаар гаръя гээд л мөнгө их үрдэг. Харин өөртөө том зорилго тавиад, хэзээ юуг төлөвлөсөн гэдгээ үргэлж санаж байх хэрэгтэй.

Б.Д: -Хуримтлал гэхээр заавал их гэж бодох хэрэггүй шүү дээ. Магадгүй 10, 20 мянган төгрөг ч байж болох юм. Жишээлбэл, бид хоёр “хүүхдийн мөнгө”-ийг авалгүй дансанд нь хадгалаад, гурван жил болоход 700 мянган төгрөг болсон байх жишээтэй. Энэ мэтээр бага багаар цуглуулахад маш их хуримтлал үүсэх боломжтой юм билээ. Ер нь байр худалдаж авахад бидний хувьд хамгийн хүндрэлтэй асуудал бол урьдчилгаа 30 хувь юм. Энийг хэрхэн бүрдүүлэх талаар бодож байхдаа бид байрны түрээсэнд мөнгөө өгч байхаар өөрсдийн гэсэн байрандаа мөнгөө өгье гэж шийдсэн. Ингээд манай ээжийнд очиж амьдрахдаа сард түрээсэнд төлдөг байсан мөнгөө хуримтлуулж эхэлсэн юм. Мөн бид машинаа зараад “Хан богд ресиденс”-д байр захиалсан. Гэтэл энэ хотхон шууд урьдчилгаа 30 хувийг бөөнд нь авалгүй, бага багаар нь өгч болох боломжийг олгосон.

-Найман хувийн зээлд хамрагдсан уу? Б.Д: -Тийм ээ. -ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙЖ, БИ ЧАДНА ГЭСЭН ҮГИЙГ ҮРГЭЛЖ САНАЖ ЯВААРАЙ-,

-Залуу хүмүүсийн хувьд цаашдын амьдралаа хэрхэн төлөвлөж байгаа вэ? Б.А: -Юутай ч эхний том даваагаа давлаа. Цаашид төлөвлөсөн зүйл уул овоо шиг л их байна. Б.Д: -Гэрийн тавилгаас эхлээд, хүү минь гурван жилийн дараа сургуульд орно, хүүхдийнхээ ирээдүйн төлөө хоёулаа ханцуйгаа шамлаад зүтгэж өгнө дөө. Маш гоё гоё зүйл боддог шүү, бид хоёр. Эмэгтэй хүн болж төрснийх одонг нь авна л гэж боддог. (инээв.сурв) Тиймээс хүүхдүүд маань том болох ирээдүйг бодож дахин хуримтлал үүсгэнэ. Бас Монголынхоо сайхан орноор үүргэвчтэй аялал хийж, дараа нь гадны улс орнуудыг гүйцээнэ дээ. Залуу, эрч хүчтэй байгаа дээрээ ажил сайн хийж, хуримтлал сайн үүсгэнэ ээ.

Б.А: -Өөрийн гэсэн байр оронтой байж сэтгэл санаа тайван байна. Ингэснээр нас уртасдаг гэж ярьдаг шүү дээ. Тиймээс мэдээж эх орныхоо хөгжилд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулна. -Бидэнтэй ярилцсан та хоёрт баярлалаа. Бидний ярилцлагаас маш олон залуу урам авч, маш олон хүн дурсамжаа сэргээх байх аа? Б.Д: -Та бүхэнд ч мөн баярлалаа. Ярилцлагын төгсгөлд залуучууддаа зориулан өрнүүн сайхан үг хэлж болох уу? -Бололгүй яах вэ! Б.Д: -Монголын минь залуусын нүдийг харахаар дандаа гоё гал цогтой байдаг. Энийг бүтээе, үүнийг хийе гэсэн тэмүүллийг нь илүүтэй дэмжээд өгвөл Монголын залуу үе бид бүгдээрээ нүдэндээ цогтой байдаг юм шүү.

Ингэж чадвал Монгол улс минь хурдан хөгжих байх аа. Залуучууддаа зөвлөж хэлэхэд жаахан гутранги үзэлтэй залуус минь болохгүй, бүтэхгүй гэж шантрах үедээ толгойдоо үргэлж сайн сайхныг бодож, түүнийхээ төлөө тэмүүлж, урдаа зорилго тавин, түүнийхээ урдаас алхаад явбал хэзээ нэгэн цагт бодож байгаа зүйл тань биелэх болно.

Өөртөө итгэлтэй байж, би чадна гэсэн үгийг үргэлж санаж яваарай. Б.А: -Маш олон монгол залуу хөдөлмөрлөе, шинийг бүтээе гээд зориглоход гацчихаад байдаг. Дээрээс биднийг жаахан дэмжээд өгвөл хөгжих боломж бий. Гадны улс орнуудад манай монгол залуус өчнөөн амжилт гаргаад явж байгаа. Гаднаас мэргэжилтэн өндөр үнээр урьж ажиллуулахын оронд тэднийгээ ч мөн дэмжиж, эх оронд нь буцаах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959